Thursday 18 October 2007

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас буй Сайхан эх орон минь

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буйСайхан эх орон минь
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний Гангабаатар хүү шиг инээнэ.
Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас буянаа хайрла, уулñ минь…
Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.
Хот айлын яндангаар суунаглах утаа
Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж
,Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн торгомсон агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!О.Дашбалбар

Wednesday 17 October 2007

О.Дашбалбар: Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж

Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж єгнє!
Туг, Сүлд, Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
үр ачдаа хүлээлгэж єгнє.
Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!
Гал, Ус, Газар шороогоо Гардаж авсны учир, бид
Ганц бус түм түмэн амиараа дүйж хамгаалсан!
Галдан бошигт, ван Магсаржав
Илдээ далайж босоогоороо нөгчсөн эрс,
Идэрхэн насандаа Монголоо аварсан Сүх
Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд
Алтан амь, хүсэл хайраа шингээсэн
Эх орон, хойч үеийнхээ тєлєє
Энэ бие дээдсийн тангаргийг давтнам.
Тужийн нарснаас эхэлсэн хувьсгалын түүх
Туган дээрх эртний бичээс,
Сүхбаатарын гэрээстэй
Гучин ес, дөчин таван оны
Гуйвж дайваагүй ялалтын гэрчтэй

Эх орноо бид өвөг дээдсээсээ хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө,
Соёмбот тугаа гурван зууны тэртээгээс бидэндээ ирүүлсэн
Цогт хун тайжийг ч,
Сод ухаанаа хөх судартаа үлдээж, хойч үедээ илгээсэн
Суу билэгт Инжинашийг ч
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө! Й
Уулсыг өндөлзүүлж, ус голыг мэлмэлзүүлэх
Уяхан хоёр чавхдаст морин хуур, уртхан аялгуут дуугаа,
Уужим баянаараа хорвоо шигээр хорвоод тэнцсэн
Ухаант ардынхаа яруухан алдар МОНГОЛ нэрээ
Сансарт ниссэн гавъяа, атрыг хагалсан түүхтэйгээ
, Сайхан бүхнийг нэмж бүтээсэнтэйгээ
Ураг элгэнээ улам олон болгож,
Ус нутгаа улам сайхан болгож,
Тэнгэрээ цэлмэг, нараа тунгалаг хүлээлгэж өгнө!
Өвөг дээдсээсээ хүлээж авсан эх орон шүү! үр ач минь ээ!

Tuesday 16 October 2007

Ц.Галбадрах "Миний эх орон"

Оршил :Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ
МИНИЙ ЭХ ОРОН
Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон
Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг
Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг
Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд миний эх орон хотолзонхон байдаг
Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг миний эх орон учрал хайрын эх орон
Холд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг миний эх орон

санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн миний эх орон

хүндэтгэл хайрлахын дээд эх орон
Түнэр харанхуйд сэтгэлд минь бадамлан асах миний чиний хайрын галын эх орон
Намираа зөөлөн бороонд нь сэтгэл ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь хорвоо ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон
Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдсыг шингээж урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг
Таван өнгийн солонго нь нарны гэрлийг задалж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг МОНГОЛ гэж нэрлэдэг ээ
Нутгийн минь бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг ЭХ ОРОНТОЙ учраас

би бардамхан алхдагаа

Ц.Бямбажаргал "Эх орон уйлж байна"

Долоон газрын шуналтнууд
Дээл өмссөн тал нутгийн минь
Элгийг нь ухаж эрдэсийг нь цөлмөж байна
Эх орон минь уйлж байна
Доголон нулимстай
Монгол үрсийн ирээдүй
Далайн чанад руу цаас болон урсаж байна
Хар дотортой харалган нүдтэй түшмэдүүдийн
Хахуулийн мөнгөөр худалдагдсан эх орон уйлж байна
Дээдсийн минь амь цус яс шингэсэн газар шороог
Данжаад луухаан шаахайн мөртнүүд шээсээрээ норгож байна
Дэлхийг чичрүүлсэн өндөр өвгөдийн бүрэлдсэн алтан умайгаас
Дотор газрын харь сэтгэлтнүүд мэндэлж байна
Тэнгэрт одсон дээдсийн сүнс цурхиран хилэгнэж
Тал нутагт минь шунагсад
Монголын мөхлийг хүлээж байна
Тэвчээр барагдаж уур хилэн буцлаж байна
Төрд бугшсан улаан нүдтэй зэтгэрүүд ээ маргаашдаа бэлдэцгээ
Ургах наран шиг Монголын хийморь дахин өндийхөд
Уурлаж хилэгнэсэн өвгөдийн сүнс та нарийг гэсгээнэ
Мөнх тэнгэрийн мэдэлд та нарын тавилан очиход
Мөнгөөр худалдсан уулсын сүнснүүд ял асууна аа
Ид уу худалд Монголын буян барагдахгүй
Инээ долоо нөхцөцгөө тэр харийхантай
Монголын тавилан мөхөхгүй
Тэвчээр барагдаж уур хилэн буцлаж байна
Төрд бугшсан улаан нүдтэй зэтгэрүүд ээ маргаашдаа бэлдэ